Алгоритм
Алгоритм ерөнхий ойлголтууд
Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам (алхмуудын дараалал) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа:
- Хэрэв ногоон гэрэл ассан байвал:
 - Гарцаар гарна
 - Асаагүй бол /өөрөөр улаан гэрэл асаалттай бол/
 - Ногоон гэрэл асахыг хүлээнэ
 - Ногоон гэрэл асангуут гарцаар гарна...
 
...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг.
Бодлогоор  бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд  хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно. 
36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо
1.      45-39=6
2.      36:2=18
3.      6*8=48
4.      18+48=66
гэсэн дарааллаар бодно. 
Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх бөгөөд алгоритм нь:
1.      c – d = ? /х гэе/
2.      a : b = ? /у гэе/
3.      х * e = ? /z гэе/
4.      у + z = ? /Бодлогын хариу/
дээрх жишээ нь алгоритмын хувьсагчийн утгуудын a=36; b=2; c = 45; d=39; e=8; байх тохиолдол дахь бодолт болж байна. 
Алгоритмын үндсэн зорилго нь бодлого бодох хамгийн хялбар арга замыг эрэлхийлэх, түүнд тохирсон үндсэн томъёоллыг тодорхойлход оршино.
Алгоритмын чанарууд
a.      Дискрет чанар: Алгоритм нь өмнөх алхмуудын утгаар тодорхой дүрмийн дагуу дараагийн утгыг олох тусдаа алхмуудаас бүтнэ.
b.      Тодорхой байх чанар: алгоритмын үйлдэл бүр нь тус тусдаа утгатайгаар ойлгогддог гүйцэтгэгч нь тэдгээрийг ялгаж ойлгодог байх.
c.       Төгсгөлөг байх чанар: Алгоритм нь тухайн өгөгдлөөс хамааран хэдэн ч алхамаар эцсийн зорилгодоо хүрч болох боловч алхам нь төгсгөлөг тооны байна.
d.      Үр дүнтэй байх чанар: Алгоритмыг биелүүлхэд заавал тодорхой үр дүн гардаг байх ёстой 
e.       Нийтлэг чанар: Алгоритм нь тухайн нэг төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна.
Алгоритмын үндсэн үйлдлүүд: 
a.      Зарлах үйлдэл : Тухайн алгоритмд ямар ямар хувьсагчууд ашиглахыг тодорхойлж зарлаж өгнө. 
b.      Утга оруулах үйлдэл  : Алгоритмын эцсийн зорилго болох утгыг олход мэдээж эхлээд тодорхой  хувьсагчуудын утгууд мэдэгдэж байх ёстой бөгөөд тэдгээрийг алгоритмд  утга оруулах алхамыг ашиглан оруулж/тодорхойлж/ өгнө. 
c.       Утга олгох үйлдэл : Алгоритмд аливаа үйлдлийг хийгээд үр дүнг нь хувьсагчид хадгалдаг. Тухайн хувьсагчид утга олгох үйлдлийг хэлнэ. 
d.      Хэвлэх үйлдэл : Хэрэгтэй хувьсагчийн утга, тайлбар, алгоритмын үр дүнг харуулахад ашиглана. 
e.       Нөхцөл шалгах үйлдэл : Ямар нэг нөхцөл биелэх эсэхээс хамааран ямар нэг үйлдэл хийх эсэх, 2 үйлдлийн алийг хийхээ шийддэг тохиолдолд ашиглана.
Алгоритмын ангилал: Алгоритмын үйлдлүүдийн биелэх дараалал, тооноос хамааран шугаман, салаалсан, давталттай гэж 3 ангилна.
f.        Шугаман : Алгоритмын бүх үйлдлүүд зөвхөн нэг удаа биелэдэг. 
g.      Салаалсан : Ямар нэгэн хувьсагчийн утгаас хамаарч 2 үйлдлийн аль нэгийг хийдэг.
h.      Давталттай : Өгөгдлийн утгаас хамааран нэг үйлдэл нэг болон түүнээс олон удаа давтагддаг алгоритмыг хэлнэ.
Алгоритмыг дүрслэх: Алгоритмыг дараах хэлбэрээр дүрсэлдэг.
a.      Ердийн харилцааны хэлээр: Хүмүүсийн ердийн харилцааны хэл ашиглан алгоритмын алхмуудыг тайлбарлан бичдэг. /Дээр зам гатлах алгоритмыг энэ хэлбэрээр дүрслэв./
b.      Блок схемээр:  Геометрийн дүрсүүд алгоритмын өөр өөр үйлдлийг илэрхийлэх бөгөөд  тэдгээр дүрсүүд дотор тухайн дүрсэд харгалзах үйлдлийг математикийн  томъёоллоор бичиж өгдөг. /Үүнийг цаашид дэлгэрэнгүй тайлбарлана./

Comments
Post a Comment